Самар хатан

Хувийн тэмдэглэл
3 min readMar 2, 2020

--

Номын тэмдэглэл 4

Зохиогч: Б. Сарантуяа

Б. Сарантуяа гуайн гайхалтай романуудын нэг Самар хатанг уншсан сэтгэгдэл ийм болой. Анх “Сорхугтани хатан” романыг уншиж энэ хүний гайхалтай уран яруу дүрслэл тухайн үеийн дүр зургийг төсөөлөн биширч байсан мөн “Бат хаан” романыг уншиж энэхүү хуудас нээж өөрийн сэтгэгдлээ бичих эрч хүчийг авч билээ энэ удаад Самар хатан роман ч надад түүхэнд өгүүлэгддэг бидний өвөг дээдсийн амьдарч байсан түүхэн жимийн хэсэг хугацааг мэдрэх тэр үеийн хаан хатдын ухаан, тэрслэл үнэ цэнэ бүгдийг өөрийн төсөөллийн харах ертөнцөд буулгах боломжийг өгсөн юм. Ингээд өөрт мэдрэгдсэн тэрхүү мэдрэмж энэхүү романд өгүүлэгдэх Самар хатны түүхийг багахан болов буулгахыг хичээе.

Элбэг нигүүлсэгч хааны охин Самар гүнж хайртай сүйт залуу руу гаа явах замдаа хулгайлагдан энэхүү түүх эхэлдэг. Бага балчир наснаасаа ихэс дээдэс, хаан аав хатан ээж хайртай хоёр ахтайгаа хайраар дүүрэн амьдарч байсан тэрээр тэр нэгэн өдрийн хааны зарлигаас болж хааны ордондоо буцан ирж зовлон гуниг гансралыг туулах ч мөнх тэнгрээс оноосон хувь тавилан түүний амьдралын утга учир ханилан суусан нөхөр, хайрлан өсгөсөн хүү, ач нартайгаа тэмцэлдэнэ. Түүний тэмцэл чухамдаа алтан ургийн үр сад монголын хаан удмыг авч үлдхийн төлөө байх болно. Энэхүү хувь тавилангийн эргүүлэг хаан аавынх нь олзгүй ирсэн гэх ангийн өдрөөс үү? хорон санаатын увайгүй үйлдлээс эхлэлтэй юу? үүнийг хэлэхэд хэцүү ч Нэгэн цагт эв нэгдлийн хүчээр дэлхийн дайдыг эзлэн явсан хүчирхэг Монголчуудын удам эв нэгдэл эрхэмлэх чанараа гээн хэрхэн уруудан доройтсон сургамжит түүхийн жимд нас өндөр наяийг давах Самар хатны залуу бага арван найман наснаас олон хагацал, хайр, нигүүлсэл итгэл үнэмшэлтэй нүүр тулан амьдарч монголын алтан ургийн хааныг амь нас, залуу гоо үзэсгэлэн хатны мэргэн ухаанаар авч үлдэх тэмцэлд өрнөнө. Алтан ургийн цор ганц залгамжлагч түүний амь наснаасаа илүүтэйгээр хамгаалсан нь бидний сайн мэдэх Баянмөнх хаан бээр билээ. “Ийн үрээс үрд үндэстэй мод лугаа дэлгэрэх алтан ураг тэр нэгэн цагт амьдрал тэмцлээ зориулан явсан Самар хатны ачаар тасралтгүй үргэлжилж түүх цааш бичигдсэн билээ”

Эхнээсээ дуусах хүртэлээ догдлол, гуниглал сонирхол бүгдийг хөдөлгөн амттай сайхан байлаа.Энэхүү номыг та өөрийн мэлмийгээр уншин тольдох аваас өөрийн ухаан, харах өнцгөөр харах буй за. Мөн миний харсан өнцөг гэвээс….

Романы эхэнд гарах тэнгэр эцэг түүний охидын инээд баясал, хагацал газрын хүнтэй хайр сэтгэлээр холбогдох бага гүнжийн талаар өгүүлэл гайхалтай өнгийг нэмж төсөөллийг төгс мөн ид шидийн мэт болгосон шиг санагдаж байна. Самар хатны хийх зоригтой ухаалаг үйлдлүүд бидний түүхэн дахь хатан, гүнж нарын эрэлхэг зоригийг харуулсан юм болов уу?! Мөн эртний үүх түүхийн нэгээхэн том сургамж үлгэрлэл нь итгэлт хүмүүс,анд нөхдийн үнэнч байдал байдаг энэхүү романд ч тэрхүү сургамжийг илүү тод харуулжээ. Төрсөн эцэг, хүү, ач, хайрт хань гээд бүгд хаан ширээний төлөө тэмцэлдэн тэрсэлдэж байхад хэзээд үнэнчээр үлдэх анд нөхөд бийг ч өгүүлсэн нь нэгийг бодогдуулж байв. Хувь тавилан гэж итгээд байдаггүй ч хүн бүрт өөрт оноогдсон үүрэг даалгавартай байж гэмээн амьдардаг байж болох. Одоо ч бидний ярьдаг эвтэй бол хүчтэй гэдэг үгийн утга учир энэхүү түүхэн романд тодоос тод харагдан үнэ цэнийг улам нэмж өглөө. Монголчууд бид эв нэгдэл эрхэм чанараа үнэлэн мэдэж ухамсарлан ойлгох ухааны оч энэ номноос таньд хүрч мэдэх юм. Надад төрсөн сэтгэгдэл багаар маш багаар энд харагдаж бичигдсэн гэж бодож байна.

Энэ номыг уншсан бол өөрийн харсөн өнцөг сэтгэгдлээ хуваалцаарай. Мөн миний тэмдэглэлийг уншиж унших хүсэл төрсөн бол би үнэхээр их талархах байна. Энэ хүртэл уншсанд баярлалаа❤️

#хувийн_тэмдэглэл💌📬

--

--

Хувийн тэмдэглэл
Хувийн тэмдэглэл

Written by Хувийн тэмдэглэл

Өөрийн аялал адал явдал, коффетой бодлууд, номын тэмдэглэл, амьдралын эргэцүүлэмж зэргээ хуваалцах болно.

No responses yet