Кандид буюу өөдрөг үзэл

Хувийн тэмдэглэл
5 min readOct 18, 2019

--

Номын тэмдэглэл 3

Зохиолч: Вольтор

Орчуулагч: Ц. Батбуян

Бүлэг: 30

Номын өмнөх үгийг уншиж өөрийн өөдрөгөөр бодож өөрийгөө урагшлуулж ахиулж байгаа тэр бодлыг минь хий дэмий зүйл хэмээн хэлчих вий гэж эмээн үнэндээ өөдрөг үзэлтэйгээ л баймаар байсан болхоор номыг уншихгүй зайлсхийж хэдэн өдөр явав. Харин өнөө өглөө яагаад ч юм сэрэнгүүтээ л номоо шүүрэн авч уншиж дуусгалаа. Гайхалтай зохиол, уран дүрслэл, зохиолын уялдаа холбоо бүгд өөртөө бий болгосон өөдрөг үзлийг минь үгүй хийх болов уу гэсэн айдсаас минь тэс өөр мэдрэмж байлаа.

Номын агуулга:

Кандид гэх нэгэн цайлган сэтгэлт залуу Панглос гэх номын багш, Күнегонд авхай Вестфалийн барон Түндер-тен- Тронкийн шилтгээнд хамт амьдардаг байсан бөгөөд Кандид залуу Күнегонд авхайд дурлан амраг сэтгэлийн холбоог эхлүүлдэг ч хувь тавилангийн эрхээр хайрт бүсгүйгээсээ салан шилтгээнээс хөөгдсөнөөр адал явдалтай амьдралтай танилцсан өөрийн түүхийг өөрийн үзэл суртлыг бий болгож буйг харуулдаг. Кандид багш Панглосын номлодог “ бүх зүйл улам сайжрах жамтай” гэх номлолд итгэдэг нэгэн байсан бөгөөд амьдралыг харж туулан өнгөрүүлэх үедээ мөнгөгүй хоосон байх, гэнэн итгэмтгий байдал хэт сүсэг бишрэл итгэл үнэмшилтэй байх үүний цаагуур мөнгө, хүний мөн чанар бурхан хүмүүсийн үнэн худал төрхийг олж харах болно. Мөн түүнд үргэлж өөдрөгөөр номлох сайн сайхан болох болно, үүний ард сайхан бий гэх тэрхүү шашны болон хүмүүсийн итгэл үнэмшил чухамдаа юу гэдгийг таньж, өөрийн үзэл бодлоо хүмүүсийн амьдралын түүхээс тэр мөн чанарыг танихыг эрмэлздэг. Мөн туулж буй бүхэн нь уулзаж буй хүмүүс нь түүний туулах ёстой учрах ёстой бүхний утга учрыг тайлж өгдөг. Зохиолын туршид туулж буй зовлон бэрхшээлийн голд тэмцэх ганц хүч нь түүний үнэнч хайр дурлал байх бөгөөд амьдралын урагшлах хүч байдаг тэр хоёрын нэгэндээ хүрэх гэсэн сэтгэл хайр хагацаж нийлэн олонтоо шаналан зовдог. Тэрээр өөдрөг үзлийн номлолыг сонсон өссөн бөгөөд итгэл үнэмшилдээ үнэнч нэгэн байсан ба үргэлж л өөдрөг байхыг эрхэмлэдэг байв. Гэвч түүнтэй таарсан гай зовлон амссан бүхэн үгүй гэдгийг батлах гэсэн гэлтэй түүнтэй таарсан хүн бүр өөрийн амьдралын амссан туулсан бүхнээ хуваалцаж байлаа. Кандид ч олон хүмүүсийн өөртэй нь таарах хүртэл юуг туулж хаа хүрч юу үзсэнийг мэдэх дуртай сониуч нэгэн байв. Тэдний дотроос ч өөрийнхөө амьдралыг байнга хараан зүхэж, энэ хорвоогийн хамгийн аз жаргалгүй хүн гэж өөрөө өөртөө олонтаа хэлдэггүй хүн ганц ч байсангүй. Гэсэн хэдий ч өөртэйгээ адил өөдрөг үзэлт хүмүүс үнэнч албат, найз нөхөдтэй ч таарч явлаа. Аялал гэж хэлэхгүй ч амь зогоон зугтах, туугдан явах улс үндэстэн хүн амьтдын ёс заншлыг ч гайхан бишрэн явж байв. Замдаа байгалийн гамшигт хүнээр тахил өргөн зогсоох учиртай гэх хэт шүтлэгт ард иргэдтэй, урт чихт индианчуудтай, сармагчинтай амрагладаг эмстэй, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүстэй, хүчирхийлэл, дайн дажинтай улс, алт мөнгө эд баялаг бус хүн хүнийгээ хайрладаг эрхэмлэдэг Эльдорадо хэмээх диваажин мэт санагдах улстай гээд адал явдал нь дуусашгүй үйл явдлын эцэст тэрээр хайрт бүсгүй, үнэнч найз нөхөд, багш нартайгаа амьдран суух болсон ч сэтгэлд нь хүрэх зүйл байхгүй байсаар нэгэн философичоос энэ амьдралын утга учрыг асуухын тулд хүрч очтол тэрээр түүнд нүүр өгсөнгүй агаад амаа хамхиж амьдар гэхээс өөр зүйл хэлдэггүй. Харин замд модны сүүдэрт нарлан суусан өвгөн түүнд зөвхөн өөрийн амьдралдаа эзэн нь байж амьдрах тухай, хөдөлмөрлөх нь уйтгар, нүгэл, гачигдал гэх гурван зовлонгоос салгаж өгдөг талаар сануулан хэлдэг…

Номын сэтгэгдэл

Товчхон бүүр маш ихээр танан бичсэн агуулгаас энэхүү номыг унших сэдэл төрж байвал би их баярлана. Учир нь энэ номыг нэг удаа ч болов уншиж өөрсдийн амьдралын харах өнцөг, итгэл үнэмшилээ өөр өнцгөөс харж үзээсэй гэж би хүсч байна. Номыг уншаад надад төрсөн сэтгэгдэл гэвээс…

Шашин шүтлэг ба өөдрөг үзэл:

Энэ хорвоо ертөнцөд бид төрөөд өөрсдийн эрх үүрэг, амьдралын итгэл үнэмшлийг хүлээн авч бий болгодог. Шашин шүтэх эс шүтэх ч мөн бидний сонголт. Шашны талаарх үзэл суртал, итгэлийн талаарх маргаан хэзээ ч энэ хорвоод дуусашгүй сэдвийн нэг байх. Гэвч бидэнд бидний итгэлд амьдрах утга учирт хүчтэй нөлөөлөгч бурханы сургааль, номлол биднийг сайн сайханд залах сайн сайханд хүргэх гэсэн зорилгод л багтдаг байх. Ямар ч шашин бай хүмүүний сайн сайхны төлөө л байдаг. Гол нь түүнд итгэгч нэгэн хэн ч бай та хүн учраас өөрийн итгэл үнэмшлээ өөрийн болон бусдын сайн сайханд л хүргээсэй. Өөрт хүсдэг аз жаргалаа бусдад ч мөн хүсч амьдраасай. Өөдрөгөөр бидэнд хүргэдэг бүхэн нь үнэн худлын бодит дэнстэй байгаасай гэж л хүсч байна. Зохиолд өгүүлдэгчлэн “ Хүмүүс өөрсдийн цэвэр ариун чанараа зарим талаар алдах боллоо. Тэд чоно болж төрөөгүй атлаа чоно болж хувирдаг. Тэнгэр бурханаас тэдэнд хорин дөрвөн фунт сумаар галладаг их буу, сэлэм жад ч хайрлаагүй тэд өөрсдөө л нэг нэгнээ хөнөөх гэж аль алийг нь бүтээсэн” өөдрөг үзэл гэж чухамдаа юуг өгүүлдэг хэрэг вэ гэвээс бүх зүйл муу муухай байхад бүх зүйл сайн сайхан байна гэж солиорхыг хэлдэг юм байна хэмээн Кандид нэгэнтээ ухааран энэхүү үзлээс татгалзсан байдаг. Зүгээр л энэхүү зохиолоор дамжуулан мэдрэгдсэн зүйл хааяа би өөртөө ч бас хэт өөдрөг байж хэцүү зүйлүүдыг даван туулдаг ч бодит зүйлээс зугтан нүүрээ буруулж нуугддаг нэгэн арга байсныг өөртөө сануулсан юм. Бодит үнэн зүйлс, амьдарч буй амьдрал зөвхөн бидний туулах учрах ёстой зүйлс байхад хэн нэгэнд даатган сайн сайхан болно гэж хүлээн тайвширч байх нь үнэн хэрэгтээ үнэнээс айсан өөдрөг тэнэг үйлдэл бизээ…

Адал явдал ба өөдрөг үзэл:

Энэ зохиолыг уншаад олж авсан нэг зүйл нь аялал, адал явдал эрэлхийлэх хүсэл байлаа. Нэг газраа л би ингэж л амьдрах ёстой гээд хувь тавилантайгаа эвлэрээд зүгээр байгаад байх биш өөрийн аз жаргал, давах ёстой даваагаа өөрөө бүтээснээр амьдралыг жинхэнэ утгаар нь мэдрэх мэт. Олон хүмүүсийн ертөнц, олон улс үндэстэн соёл, ёс заншил мөн өөрийн хүч чадал, өөрөө өөрийгөө олох тэр аялалдаа гарах нь амьдралын нэгэн том утга учир гэдгийг Кандидын очсон газар бүрээс мэдэрч байлаа. Мөн өөрт тулгарч буй асуудал, бэрхшээл бидний сонгосон сонголтоос хамаарч хаана, юунд гэдэг нь тодорхойлогддог. Бид хаана ч бай бэрхшээл, саадтай таарч л таарна гол нь тэр нь хүссэн газартаа юу байсан л газарт уу гэдэг нь. Нэг ийм үг байдагдаа “ би баян бас ядуу байж үзсэн гэхдээ баян байсан нь илүү дээр юм билээ” гээд түүн шиг л. Амьдралынхаа адал явдлыг эхлүүлэх өөдрөг үзлийг бий болгов. Гэхдээ мөн энэ өөдрөг үзэлдээ үнэн бодит, шударга хандах анхааруулгыг ч мөн ойлгож ухаарсан юм шүү.

хөдөлмөрлөх нь уйтгар, нүгэл, гачигдал гэх гурван зовлонгоос салгаж өгдөг

--

--

Хувийн тэмдэглэл
Хувийн тэмдэглэл

Written by Хувийн тэмдэглэл

Өөрийн аялал адал явдал, коффетой бодлууд, номын тэмдэглэл, амьдралын эргэцүүлэмж зэргээ хуваалцах болно.

No responses yet